БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Комисс байгуулах тухай” 56 тоот зарлиг гаргаж, “гуч, дөч, тавиад оны эхэн үед улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг” байгуулав. Улсын комиссын бүрэлдхүүнийг улс төрийн ба төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалын байдлаар тогтоож, комиссын дарга нь БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, орлогч дарга нь БНМАУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, гишүүд нь: БНМАУ-ын Бага Хурлын нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, БНМАУ-ын Сангийн сайд, БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Улсын Аюулгүй байдлыг хангах газрын дарга, комиссын нарийн бичгийн дарга нарын бүрэлдхүүнтэй байхаар заажээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст, “улс төрийн хилс хэрэгт татагдаж “Онцгой бүрэн эрхт комисс”, “Тусгай комисс” зэрэг шүүхийн биш байгууллагаар шийтгэгдсэн хүмүүсийн хэрэг, түүнд холбогдогсдыг нэрсийнх нь дагуу, шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг өргөдөл гомдлын үндсэн дээр шалгаж шийдвэрлэх, цагаатгагдсан хүн түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр тэтгэмж олгох хэлмэгдэгсдийн талаар судалж түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх ажилд холбогдох байгууллага хүмүүсийг өргөн оролцуулж ажиллах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах журамд зарим нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх”-ийг даалгасан юм.
1991 оны гуравдугаар сарын 18-нд БНМАУ-ын Ерөнхийлөгч 55 тоот зарлигаараа “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрэм”-ийг батлав. Хоёр бүлэг, 9 зүйлтэй энэ дүрмээр тус комиссын эрх хэмжээ, үүрэг, үйл ажиллагааны журмыг тодорхойлон тогтоожээ. Үүнд тус комиссын эрх хэмжээг “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь 1930-1950-иад оны эхэн үе, 1960-аад оны дунд үед улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах төр, засгийн төв байгууллага мөн” гэж тогтоогоод “Улсын комиссын зорилт нь улс төрийн хэрэгт татагдаж шийтгэгдсэн хүний хэргийг шалгаж шийдвэрлүүлэх, цагаатгагдсан хүн, түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр, тэтгэмж олгуулах, хэлмэгдэгсдийн талаар судалж түүхэн үнэнийг тогтоох, нэр төрийг сэргээх ажилд холбогдох байгууллага, хүмүүсийг өргөн оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино” гэж заав.
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 56 дугаар зарлиг 1990 он
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 55 дугаар зарлиг 1991 он |